Ихэвчлэн хүүхдүүд сурдаг, сургуульд орохоосоо өмнө хөгжим сурж эхэлдэг учир эндээс эхэлж ярья. Гэр бүлээс гадна ойр дотно харилцааг гадны хүнтэй анх удаа тогтоож үзэх учир багштайгаа уулзсан анхны сэтгэгдэл маш чухал.Ганцаарчилсан хичээл учир багштайгаа харилцаа үүсгэхэд илүү амар байдаг. Багш гэдэг хүнтэй харилцаа холбоо сайн тогтоож сурсанаар олуулаа танхимаар хичээл орох үед бусад хүүхдүүдээс илүү багшийн хэлсэн зүйлийг ойлгож хүлээж авахад амархан болсон байдаг.
Юуны өмнө хүн бүрийн суралцах арга барил, хурд өөр гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хурдан ойлгодог ч хурдан мартдаг, Удаан сурдаг ч сайн цээжилдэг, эсвэл ойлгоод байгаа боловч биеэ удирдах чадвар дутмаг зэрэг хүн бүрийн давуу тал болон сул тал харилцан адилгүй. Аль нь ч байсан өөрийн сурах арга барилаа олж авах, мөн эцэг эхүүд үүнийг нь хүлээн зөвшөөрч ойлгох нь чухал.
Анхан шатны мэдлэгийг сайн ойлгож сурч чадвал цаашид үүсэх хүндрэл төдий чинээ бага байх болно. Учир нь хүн гэдэг ойлгоогүй буюу мэдэхгүй зүйлээсээ айж бас дургүй болдог.Сайн ойлгосон зүйлээ гэртээ давтлага хийхэд төдийлэн асуудал үүсэхгүй. Гэсэн ч бага насны хүүхэд өөрөө цаг зохицуулалт болон хариуцлага үүрэх боломжгүй учир эцэг эхийн үүрэг оролцоо хэрэгтэй болдог. Иймээс бидний зүгээс суралцаж эхэлсэн 2-3 сарын хугацаанд хичээл дээр хэн нэгэн хүн хамт сууж хүүхэддээ дэмжлэг өгөхийг хүсдэг .Ингэснээр эцэг эх нар ч хүүхдийнхээ сурах арга барилыг мэдэж авч, ямар хүндрэлүүдийг даван туулж сурч байгааг ойлгон хичээллэх үеийн стресс багасдаг.
5 болон 6 наснаас эхэлж сурсан хүүхэд цаашид үргэлжлүүлэн сурахдаа “сурах ёстой” гэж аль хэдийн хүлээн авсан байдгаас үүдэн удаан хугацаагаар суралцахад хүндрэл бага. Харин 7с дээш насанд эхэлсэн хүүхдүүд бол дуртай бол сурна, дургүй бол сурахгүй байж болно гэсэн сонголтыг мэддэг учир ямар нэг жоохон хүндрэл гарангуут шантрахад илүү амархан байдаг. Энэ үед эцэг эхийн зүгээс дэмжлэг мөн их хэрэгтэй болдог. Хүн бүрт харилцан адилгүйгээр хүндрэлтэй үеүүд гарна. Нэг нэг гараараа сурч байгаад 2 гар зэрэг тоглож эхлэх үед, эсвэл зохиолын хэлбэр хэмжээ томрох үед ч юмуу суралцагчид хэцүү санагдан шантрах үе байдаг. Харин энэ хэцүү үеийг даван туулсанаар дараа нь маш амархан санагдаж эхэлдэг. Анх ямар хэцүү байснаа ч мартсан байдаг. Хожим нь энэ тухай нь хүүхэддээ эргэн сануулж “ Чи чадсан байна” гэж хэлэхэд маш их баярлаж урам зориг авч байгаа нь мэдрэгддэг.
Том хүмүүсийн хувьд хөгжимд суралцхад гардаг хамгийн том хүндрэл бол цаг хугацаа юм. Цаг зохион байгуулалтаа зөв хийж гэрийн давтлагаа хийн, хичээлээ таслахгүй байвал сурах бүрэн боломжтой.