Багш бид нар алхам тутамдаа өөрсдийн мэргэжлээ бусдад таниулан сурталчилж, онцлог давуу талууд, хүнд өгөх өгөөжийн талаар зөв мэдлэг, мэдээллийг түгээж байх нь бидний үүрэг юм.
Жишээлбэл төгөлдөр хуур хөгжмийг тоглож сурах нь зөвхөн гоо зүй, уран сайхны мэдрэмж, сахилга батыг олж авахаас гадна оюуны хөгжилд өндөр ач холбогдолтой. Нэг үгээр хэлбэл хөгжимд суралцах үед тархины амьсгалах, зүрхний цохилт, хоол боловсруулах хэсгүүдээс бусад “харах, сонсох, хөдлөх, тэнцвэр, бодох, сэтгэх,төсөөлөх, анхаарал төвлөрөл, эргэн санах, мэдрэх, сэтгэл хөдлөл” зэрэг ухамсарт үйлдлийн хэсгүүд бүгд зэрэг ажиллагаанд ордог.
Духны төв: Аливаа зүйлийн учир шалтгааныг олох,танин мэдэх чадвар, төлөвлөх, харааны ой тогтоолт
Хөдөлгөөний төв: Булчингийн хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах
Биеийн мэдрэхүйн төв: Арьс болон бусад хэсгүүдээс ирсэн мэдрэхүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг
Харааны төв: Нүднээс ирсэн харааны мэдрэлд дүн шинжилгээ хийнэ.Харааг удирдана.Хараанаас ирсэн мэдээллийг ой тогтоолт болон бусад мэдрэхүйн мэдээлэлтэй харьцуулдаг.
Сонсгол болон ярианы төв:Чихнээс ирсэн сонсголын мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ. Хүний яриа болон сонссон зүйлээ ойлгох зэргийг удирдана.
Тархины доод хэсгийн дэлбэн: Мэдээлэл болон дурсамжийг эргэн санахүйлдэл болон сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулдаг.
Бага тархи: Биеийн хөдөлгөөний нарийн төвөгтэй, өөгүй үйлдэлийг хариуцдаг.
Жишээлбэл зөвхөн нэг нотыг тоглохын тулд маш олон зүйлсийг зэрэг бодож гүйцэтгэдэг.
- Нот бол кодчилол юм. Тиймээс нот буюу кодыг хараад тайлж уншаад хөгжим дээр яг хаана байрлах вэ гэдгийг олж тогтооно.
- Ямар түлхүүрийн нот вэ? Ямар нэртэй нот вэ? Хөгжмийн хаана байрладаг вэ? Төгөлдөр хуур тоглоход нарийн өнгөнүүдийг бичдэг -Соль түлхүүрийн нотнууд, Бүдүүн өнгөнүүдийг бичдэг- Фа түлхүүрийн нотнууд гэж байдаг. Яг ижилхэн байрлалд бичигдсэн ч түлхүүрээс хамаарч өөр газар тоглогддог нотнууд юм.
- Аль гараар тоглох вэ? Баруун зүүн гарын нотнууд тус тусдаа таван шугам дээр бичигддэг. Ингэж бичигдсэн нотнуудыг зэрэг уншиж зэрэг тоглох хэрэгтэй байдаг.
- Хэддүгээр хуруугаар тоглох вэ? Зохиолын тухайн нот хаана, ямар зүй тогтлолтой байрлаж байгаагаас шалтгаалж аль хуруугаар тоглох нь гарын байрлалд эвтэйхэн байх вэ гэдгийг урдчилж тооцоолон хөгжимддөг.
- Нотны байрлал, аль гараар хэддүгээр хуруу вэ гэж бодохын зэрэгцээ бас энэ нотыг удаан тоглох уу? хурдан тоглоод өнгөрөх үү? Гэдгийг бас мэдэх хэрэгтэй
- Чанга тоглох уу? Аяархан тоглох хэрэгтэй нот уу?
- Бусад ноттой холбож тоглохуу?, тусад нь тоглох уу?
- Зүүн гарын ноттой хамт уу? Зөрж үү?
- Педальтай хамт баруун болон зүүн хөлөөр хэрэгтэй үед дарж, мөн авч аягууг дуурьсалтай болгодог